IoT-г хөгжингүй орнууд салбар бүрийн онцлогт тохируулан ялгаатай хөгжүүлж буй.
Цахим засаглалаар алдартай Эстони улс бүхэл хотоо ухаалаг болгосон нь үүний тод жишээ юм. Манай улсын хувьд үүрэн телефоны оператор компаниуд 5G интернэтийн гол хэрэглээ болох IoT-ийг нэвтрүүлэх судалгаануудыг багагүй хугацаанд хийж ирсэн. 5G сүлжээг 2023 онд нэвтрүүлэх төлөвтэй байгаа ч аль болох эртнээс суурь технологио хөгжүүлэх, хэрэглэгчдийн IoT технологийн хэрэгцээг сайтар судлах, хэрэглээг үүсгэх нь маш чухал. Үүний тулд бид эхний ээлжид IoT-ийн "home optimization" буюу гэрийн автоматжуулалтын системийг өдөр тутмын амьдрал, гэрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Ингэснээр цар тахлын үед болон цаашдаа ямар нэг товч, гадаргууд хүртэлгүйгээр орцонд орох, цахилгаан шатаа дуудаж, буух давхартаа очиж болохоос гадна, гэрийн дотоод орчин хүний ирж, явж байгаагаас шалтгаалан идэвхтэй, идэвхгүй горимд автоматаар шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч IoT-г гэрийнхээ нэг хэсэг болгосноор индүүгээ салгасан эсэх цонхоо хаасан билүү зэрэг хэзээ ч дуусдаггүй сэтгэл зовнисон асуудлуудаа хялбараар шийдэх боломжтой. Түүнчлэн гэрийн эзэн байхгүй үед ажиллах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийн зарцуулалтыг хянаж, удирдах боломжтой тул санхүүгийн хувьд бодит хэмнэлт болно.
Утасны нэг апп ашиглан харих цагаа дөхүүлэн халаалтаа асаах, ус буцалгах зэрэг үйлдлүүдээ зайнаас хийж болох нь зуслангийн байшинтай хэрэглэгчдэд ихэд таалагддаг. Бидний хувьд хамгийн хямд, бүтээмжтэй шийдлийг захиалагчтай хамтран боловсруулж, борлуулалтын дараах үйлчилгээг хариуцлагатай үзүүлэн, нягт хамтран ажиллахыг нэн тэргүүнд чухалчилдаг..